Тосонцэнгэл суманд батлагдсан тохиолдол 33 боллоо

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-21 15:59:17

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр авсан 276 иргэний шинжилгээнээс, шинээр 8 тохиолдол батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Тус суманд батлагдсан тохиолдол нь тандалт судалгаагаар хоёр голомт байгааг тогтоогоод байна. Тиймээс нэг, хоёрдугаар хавьтлын 597 иргэнээс 276-д нь PCR шинжилгээ хийхэд 8 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

Ингээд тус суманд нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Эдгээр иргэдийн дөрөв нь сумын эмнэлгийн ажилчид байна. Иймд сумын эмнэлгийг халдварын эрсдэл өндөртэй гэж үзэж, халдвар авсан иргэдээ дагнан эмчлэх, энгийн эмнэлгийн үйлчилгээг шинээр дэлгэсэн эмнэлгээс авахаар зохицуулалт хийгээд байгаа. Шинэ дэлгэсэн эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Загдбазар ахлан зарим сумын эмч, сувилагч нар баг болон ажиллаж эхэлсэн байна. Харин ЗӨСҮТ-өөс ирсэн баг тус суманд ажиллаж эхэлсэн гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Харин Улиастай сумын 300 иргэнээс авсан түргэвчилсэн шинжилгээгээр зургаан иргэний хариу эерэг гарсан байна. Эдгээр иргэдэд gen expert шинжилгээ хийж үзэхэд тав нь эерэг, нэг нь сөрөг гарлаа. Эдгээр иргэд болон шаардлагатай зарим хүний PCR шинжилгээг хийлгэхээр Тосонцэнгэл суманд ажиллаж байгаа явуулын лаборатори руу хүргүүллээ. Энэхүү явуулын аппарат нь харьцангуй олон шинжилгээг нэг дор хийдэг хүчин чадалтай аж. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, халдварын эрсдэлтэй иргэдийг эмчлэх эмнэлэг болгон дэлгэнэ. Нэг өрөөнд хоёроос гурван ор байхаар тооцож байна гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээлэв.

Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, худалдаа, үйлчилгээний цэг салбарын ажилтнууд, ШТС, банк, цагдаагийн алба хаагчдаас шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. 

Явуулын таван баг шинжилгээг авч байгаа. Өнөөдөр шаардлагатай иргэдээс 24 цагаар шинжилгээ авах тул иргэд нохойгоо уяатай байлгаж, утсаа унтраахгүй байхыг анхааруулж байна. Худалдааны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгах ажлыг хийж байна гэж Тосонцэнгэл сумын Шуурхай штабаас тус тус мэдээлэв.  

Холбоотой мэдээ