Шүлснээс коронавирус илрүүлэх 10 мянган оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-21 13:23:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. 


АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцлов. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовуурь багатай, хямд өртөгтэй зэрэг давуу талтай юм.


Монгол Улсын Засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтдийн баг энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна. Нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийдэг. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг аж. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС,  СБДНЭ болон УНТЭ, УХТЭ-ийн лабораториудад уг оношлуурыг хуваарилах юм. 


ЭМЯ-ны удирдлагууд АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношилгооны төвийн хамт олонд талархсанаа илэрхийллээ. Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар тодотгов.



Холбоотой мэдээ