АНУ Бээжингийн Олимпыг бойкотлох талаар холбоотнуудтайгаа хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-08 12:24:58

ВАШИНГТОН. /RT/. Америкийн засаг захиргаа холбоотнууд болон түншүүдтэйгээ ирэх онд Хятадад болох өвлийн Олимпын наадмыг бойкотлох талаар хэлэлцэхгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ.


“2022 оны өвлийн Олимпын наадмын талаарх бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Бид холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтарсан бойкот хийх талаар хэлэлцээгүй, хэлэлцэхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.


“Мэдээжийн хэрэг, бид тулгамдаж буй нийтлэг асуудлыг тодорхойлох, хамтран ажиллах чиг шугамыг боловсруулахын тулд холбоотнууд, түншүүдтэйгээ бүх түвшинд нягт зөвлөлддөг. Гэхдээ Бээжингийн Олимптой холбоотой манай улсын төлөвлөгөөг өөрчлөх талаар хэлэлцүүлэг хийгээгүй” гэж Псаки хэлжээ.


АНУ-ын эрх баригчид Бээжингийн өвлийн Олимпыг хамтарч бойкотлох талаар гадаадын холбоотнууд болон түншүүдтэйгээ хэлэлцэх хүсэлтэй байгаа тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мягмар гарагт мэдэгдсэн юм. Ийнхүү хамтарч шахалт үзүүлэх нь "АНУ-ын төдийгүй тус улсын холбоотнууд, түншүүдийн ашиг сонирхолд нийцнэ" гэж тэрбээр мэдэгдсэн. Гэвч дараа нь бойкотын талаарх Прайсын мэдэгдлийг АНУ-ын Төрийн департамент зөөлрүүлсэн юм.


Канад, Норвеги, АНУ-ын улстөрчид, мөн дэлхийн улс орнуудын хүний эрхийн 200 орчим байгууллагын төлөөлөгчид Бээжин үндэсний цөөнхийг хавчин гадуурхах бодлого явуулж байгаатай холбогдуулан ирэх онд Хятад улсын зохион байгуулах өвлийн Олимпын наадмыг бойкотлохыг уриалсан юм.


Өвлийн Олимпын XXIV наадам Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Олон улсын Олимпын хороо 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон чуулганаараа 2022 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хотоор Хятадын нийслэл хотыг сонгосон билээ. 


Холбоотой мэдээ