Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуунтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 10:16:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 


Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх юм. 


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хуурамч шатахуунтай тэмцэхээр өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүслээ. Иргэдийн орлого багассан энэ үед  автомашин нь хуурамч шатахууны улмаас эвдэрч, эдийн засгийн хохирол гарч буйг учирлав. Мөн НӨАТ-ыг 5 хувь болгож багасгах хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатайг тодотгов. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар байлцсан. Татвартай холбоотой анхдагч хуулийг УИХ-ын гишүүн санаачлах эрхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн зөрчилтэй учраас хэлэлцэх боломжгүй гэж Байнгын хороо үзсэн. Тиймээс Байнгын хороогоор эл асуудлыг нягтлан хэлэлцэх шаардлагатай" хэмээв.


Ингээд чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ