Завханы Улиастайн зургаан багийн иргэд хөгжлийн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төв Улиастай хотын зургаан баг иргэдийн хөгжлийн төвтэй боллоо. Иргэдэд төрийн олон талт үйлчилгээг цогцоор нь хүргэх иргэдийн хөгжлийн төвүүдийг өнгөрөн 2015 оноос эхлэн барьж эхэлсэн бөгөөд ийнхүү зургаан багт иргэдийн хөгжлийн төвүүд баригдаж ашиглалтад орж байна.
Эдгээр барилгууд нь орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр орон нутгийн компаниуд канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Өнөөдөр сүүлийн баг болох Жаргалант багийн “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив: -“Аймгийн нийт зургаан баг ийнхүү багийн байр буюу иргэдийн цогц үйлчилгээний төвтэй боллоо. Иргэдийн хөгжлийн төвүүд ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх, иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулах төрийн үйлчилгээний олон талт ажлыг явуулах гэх мэт маш олон талт боломжийг ард иргэдэд олгож байгаа”-г онцоллоо. Мөн аймгийн зургаан багийн төв дээр өрхийн эмнэлэг ажиллах бололцоотой бөгөөд сувилгааны өрөө, тарилгын өрөө, эмч ажилтнуудын өрөө бүхий өрөө тасалгаатай байх юм. Түүнчлэн багийн хэв журмыг хариуцах цагдаагийн ажилтнууд ажиллана гэдгийг дуулгалаа.
Завхан Б.Мягмарсүрэн