Ховд аймагт “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-23 11:40:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөр боловсруулж, 2021-2024 онд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд төрийн байгууллага албан бичиг хэргийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхэлнэ. Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж явуулах тухай тусгасан байдаг.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд “хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичиг, соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөрийг боловсруулж байна.   

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хэлний бодлогын орон тооны бус зөвлөлийг 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан аж

Тус зөвлөл нь хөтөлбөрийн зорилго, зорилт, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн тухай тодорхойлж, шаардлагатай саналыг тусган ажиллаж байгаа. Улмаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тус хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөсөн гэж албаны эх сурвалж хэллээ. 

Холбоотой мэдээ