Байгалийн гамшгийн улмаас 5 хүн, нэг хүүхэд энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-15 10:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн, хүчтэй шороон болон цасан шуурганаар Дундговь аймагт 5 хүн, Архангай аймагт бага насны нэг хүүхэд эндсэн талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээллээ.


ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, "10 гаруй аймгийн 46 суманд 548 иргэн төөрч, сураггүй алга болсон. Эдгээрээс 467 хүнийг эсэн мэнд олж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайж байна. Үүний 68 нь Дундговь аймагт сураггүй алга болоод байна" гэв. 


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 58 гэр нурж, 120 хашаа,  20 байшингийн дээвэр хуурч, мөн 1200 мал шуурганд урууджээ. Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүчний 216 дугаар тулгуур багана унаж, Увс, Ховд, Говь-Алтай аймагт цахилгаан эрчим хүчгүй болж, Дөргөний УЦС-аас түр холболт хийн дээрх 3 аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангажээ. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.

Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугам эвдэрч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлжээ. 


Холбоотой мэдээ