Ли Көцян: Хятад, Америкийн талууд олон салбар, түвшинд яриа хэлэлцээ хийх ёстой

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-13 20:28:28

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын хаалтын арга хэмжээний дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Энэ үеэр тэрээр “Хятад, Америкийн талууд олон салбарт, олон түвшний яриа хэлэлцээ хийх ёстой. Хэдийгээр хэсэг хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй ч санал бодлоо солилцож, итгэлцлийг нэмэгдүүлэн эргэлзээг арилгах хэрэгтэй. Хоёр орны харилцаа тогтворжих чиглэл рүү урагшилна гэдэгт найдаж байна” гэв.

Хятад, Америкийн харилцаа сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхэн доод түвшинд хүрээд байгаа бөгөөд Ж.Байден засгийн эрхэнд гарсны дараа Хятад улс хоёр орны харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа билээ.

Мөн тэрээр Хятад, Америк улсууд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын хувьд дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, дэлхийн хөгжил цэцэглэлтийг дэмжих үйлсэд чухал хариуцлага хүлээнэ гэжээ.

Холбоотой мэдээ