Нийслэлийн иргэдийг 3,4 дүгээр сард, орон нутгийнхныг 5,6 дугаар сард вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-05 15:14:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар болон ЕБС-ийн багш, ажилчдыг гуравдугаар сарын 15-наас вакцинд хамруулж дархлаажуулна гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ. 


Монгол Улсын Засгийн газраас долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинд хамруулах зорилттой ажиллаж байгаагаа зарласан. Энэ хүрээнд, дархлаажуулах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар хоёрдугаар сарын 23-наас  эхлүүлсэн гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг 3,4 дүгээр сард, ногоон бүс буюу орон нутгийн иргэдийг 5,6 дугаар сард багтаж вакцинжуулна" хэмээв. 


Эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянга, нийтийн тээврийн 1000, албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээний 400 жолоочийг вакцинд хамруулна. Мөн ЕБС-ийн багш, ажилчдыг хамруулахаар бэлтгэж байна. Учир нь Засгийн газар, УОК-оос дөрөвдүгээр сарын 1-нээс нөхцөл байдлыг үнэлснээр, ЕБС-ийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.  Улаанбаатар хотод 45 мянга, орон нутагт 25 мянган боловсролын салбарын ажилтан, албан хаагч байгаа аж. 


Вакцинжуулах ажил эхэлснээс хойш эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын 15 мянган ажилтан, албан хаагчдыг вакцинд хамруулж тандан судлахад 40 гаруй хувьд нь халуурах, толгой өвдөх зэрэг бусад вакциныг хийлгэсний дараатай адил нийтлэг шинж тэмдэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, ноцтой сөрөг урвал гараагүй тул вакциныг цаашид хүн амд тарихад зөвшөөрөх хэмжээнд байгааг эрдэмтэн, судлаачдын зөвлөмж баталгаажуулж байгааг Шадар сайд хэлэв. Тиймээс төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээнд вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхлээд буйг онцоллоо. 


Манай улс 2009 онд H1N1 вирус тархах үеэр орон даяар вакцинжуулах ажлыг эхлүүлж 10 хоногт багтаан насанд хүрсэн 1.5 сая хүнээ хамруулж байсан туршлагатайг тэмдэглээд, шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц, боловсон хүчний бэлтгэл хангалттай гэдгийг тодотгов. 


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд УОК-ын дээрх саналыг танилцуулж дархлаажуулах ажлын төлөвлөгөөг батлуулах юм. 


Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Эдгээр вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа бөгөөд вакцин татан авах ажил үргэлжилж байна. Одоогоор ДЭМБ-аас "Астразенека" болон "Файзер" вакцинд онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. "Спутник-V", "Синофарм" вакцинд ДЭМБ-аас энэ сард багтаан зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлттэй байна. Дээрх хоёр вакцины зөвшөөрөл гармагц манай улс хүн амаа дархлаажуулах ажилд хэрэглэнэ.

Холбоотой мэдээ