Иргэд вакцинжуулалтад сайн дураар хамрагдах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-03 17:56:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалтад сайн дураар хамрагдах боломжтой талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.


Манай улс одоогоор эмийн бүртгэлдээ "АстраЗенека", "Файзер" болон "Модерна" вакцинуудыг оруулж, дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа. Харин ОХУ-ын "Спутник-V" болон БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакциныг ДЭМБ-ын зөвшөөрөл гарах хүртэл ХӨСҮТ-д хадгалж байна. Тэгвэл зарим хувийн байгууллага, эмийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр дээрх вакцинуудыг татан авч эхэлжээ. Энэ нь хууль бус үйлдэл биш гэдгийг Д.Нарангэрэл мэдэгдэв. 

Гэхдээ хувийн байгууллагууд Монгол Улсад бүртгэлтэй вакцинаар иргэдийг дархлаажуулах үүрэгтэйг онцолсон юм.


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Вакцин оруулж ирж нийлүүлэх хүсэлтийг хувийн хэвшлүүд ЭМЯ-аар дамжуулан өгч байна.


Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлэхдээ, "Манай яам хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуульд сайн дурын дархлаажуулалтыг төлбөртэй хийж болно гэж заасан. Тиймээс хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхдээ Эрүүл мэндийн тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, мөн Дархлаажуулалтын хуулийг дагаж мөрдөх ёстой. Ийм байгууллагатай ЭМЯ хамтран ажиллахад бэлэн байгаа. Иргэд сайн дурын дархлаажуулалтад төлбөртэй хамрагдах эрхтэй" гэж мэдэгдсэн юм. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, "Хувийн хэвшлүүд ЭМЯ-аар дамжуулан хүсэлтээ өгч, уулзалтууд хийж байгаа"-г өнөөдөр мэдээлсэн. 

Хувийн байгууллагууд дархлаажуулалт хийх нь хүн амыг вакцинжуулах ажлыг хурдасгах, өргөжүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг албаны хүмүүс мөн мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ