Ховд аймагт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр 92 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжив

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-23 19:04:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, энэ сарын 22-нд нэгдсэн дүнг танилцуулжээ.  

Жендэрийн үндэсний хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.

Энэхүү тэтгэлэгт Ховд аймгийн “Нийгмийн захиалга”, Боловсролын сургалт, судалгааны “Алтай” хүрээлэн, “Тогтвортой боловсрол”, “Гэгээхэн зүрх”, “Жавхлант гэрэлт ирээдүй”, “Баруун бүсийн хөгжил мэдээллийн хүрээлэн” зэрэг нийт зургаан иргэний нийгмийн байгууллагын хамтарсан баг шалгарч, тус дэд хөтөлбөрт оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хийжээ.

Тус баг нь 2020 оны 10 дугаар сард ажлаа эхэлсэн бөгөөд түүний үр дүнд тулгуурлан цаашид “Жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах бодлогын зөвлөмж” гаргаж, орон нутгийн удирдлага, холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөлд танилцуулсан аж.

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр (ОНЖДХ)-ийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийснээр төр, иргэний нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах, иргэдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.

Ховд аймаг 2017-2020 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг батлан үндсэн хоёр үе шаттай хэрэгжүүлсэн.

Ингэхдээ тэргүүлэх чиглэлийн 25 үйл ажиллагаанаас 23 нь хэрэгжиж 92 хувийн гүйцэтгэлтэй амжилттай хэрэгжсэн байна. 

Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтэд анх 520 орчим сая төгрөг төсөвлөсөн хэдий ч 1 тэрбум 300 орчим сая төгрөгийг зарцуулсан талаар хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд тусгасан байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймаг хамтран 698 сая төгрөгийн өртөг бүхий “Түр хамгаалах байр” барьсан нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг байрлуулж аюулгүй байдлыг хангасан.  Түүнчлэн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 53 залуу гэр бүлийг сургалтад хамруулсан нь тус хөтөлбөрийн хүрээнд хийсэн томоохон үр дүнтэй ажлын нэг юм.

Харин орон нутгийн иргэдийн жендэрийн талаарх мэдлэг ойлголт болон хөтөлбөрийн талаарх иргэдийн мэдээлэл төдийлөн хангалттай бус байгаа. Энэ  байдал нь хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг бууруулах үндсэн нөхцөл болсон.

Мөн тус хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон үйл ажиллагааг сум орон нутаг, алслагдсан бүс, малчид зэрэг нийгмийн бүлгүүд рүү чиглүүлэхэд анхаарах шаардлагатай гэж судалгааны дүн харуулжээ.

Энэхүү үр дүнгээс улбаалан иргэдийн жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтвортой урт хугацаанд, өргөн хүрээнд өрнүүлэхэд төсөв зарцуулалтыг нэмэгдүүлэх ажлыг дараагийн хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тусгахыг мэргэжилтнүүд онцолсон байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг дээрх хөндлөнгийн хяналт-үнэлгээ, шинжилгээний үр дүнд тулгуурлан цаашид дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулж, орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Үүнд:  нэгд,  Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогчдын цар хүрээ, төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нарийвчлан тусгах

Хоёрт, Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн нэн тэргүүний зорилго, зорилт нь жендэрийн боловсрол, мэдлэг ойлголтыг сайжруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд мэдээллийг тэгш, хүртээмжтэй олгох иргэдийн боловсролыг сайжруулах хүрээнд хэвлэл мэдээллийн олон сувагт тулгуурласан стратеги боловсруулах,

Гуравт, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэдээллийн тэгш бус хүртээмжтэй байдал, сум орон нутаг, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг нийт найман заалт бүхий зөвлөмж боловсруулжээ. 

Холбоотой мэдээ