Италиас БНАКУ-д суугаа Элчин сайд амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-02-23 11:30:42

РОМ. /CNN/. Италиас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад /БНАКУ/ суугаа Элчин сайд Лука Аттанасио амиа алдлаа гэж Италийн Гадаад хэргийн яам “CNN” телевизэд даваа гарагт мэдээлжээ.


Л.Аттанасио болон Итали цэргийн сууж явсан автомашин БНАКУ-ын зүүн нутгийн Гома хотын ойролцоо явж байх үед халдлагад өртсөний улмаас тэд амиа алдсан байна. Тухайн автомашин НҮБ-ын цуваанд явж байжээ.


"Италиас БНАКУ-д суугаа Элчин сайд Л.Аттанасио болон Италийн Зэвсэгт хүчний алба хаагч Витторио Яковаччи амиа алдсанд маш их харамсаж байна" гэж ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн Италийн Ерөнхий сайд Марио Драги Элчин сайд болон цэргийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна.


НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, тус байгууллагын жолооч нарын нэг нь халдлагын үеэр амиа алджээ. Мөн цуваанд явсан бусад хүн шархаджээ. Энэхүү цуваа Рутшуру тосгон дахь сургууль руу очих замдаа халдлагад өртсөн бөгөөд уг чиглэл нь аюулаас хамгаалах хүчний баггүйгээр явах боломжтой аюулгүй чиглэлд тооцогдож байжээ. 

Холбоотой мэдээ