Олон улсын эх хэлний өдөр

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-02-21 14:03:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО 1999 онд жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Улмаар Бангладеш улсад 2 дугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгосон аж. Түүнээс улбаалан  олон улсын эх  хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг юм байна. 


Эх хэлний олон улсын өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилт дэвшүүлжээ. Нэг үндэстний эх хэлний төлөөх тэмцлээс гаралтай энэ өдөр эх Монгол хэлнийхээ талаар бид авч үзэх хэрэгтэй бололтой.


Монгол улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд  ийм өдөртэй болох зарлиг гаргасан ( 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 25) байдаг.Тус зарлигт:

1.Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.

2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй  гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр  жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн 2 дугаар сарын 21 нь  дээр хэлсэнчлэн олон улсын эх хэлний өдөр юм.


Ер нь “Хүн  ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санааг илэрхийлж хоорондоо харилцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан тогтолцоог хэл гэнэ” гэж  тодорхойлжээ.


Түүнтэй нэгэн адил “эрт эдүгээ цагийн монгол үндэстний хэл аялгууг монгол хэл гэнэ” гэж эх хэлний талаар тодорхойлсон байна. Тэдгээрээс онцлон авч үзвэл, их эрдэмтэн Ш.Лувсанвандан “Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20 дугаар зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгожээ. Монгол хэлийг өрнөд, умард,  дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм” гэж 1959 онд хэлжээ.


Монгол үндэстэн 1206 онд  бат тогтож, согд, уйгур бичигт улласан өөрийн үсэг бичигтэй болжээ. Худам (1204), Тод (1648) гэсэн хоёр янзын монгол үсэг бий. Түүнээс гадна Монгол (1941) Буриад (1939), Халимаг (1941) кирил бичиг ашиглаж байна. Мөн дөрвөлжин, соёмбо, Вагиндрагийн үсэг гэх мэт бичгийн их уламжлалтай. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын  ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбэрээ бүтээдэг өөрийн онцлогтой, залгамал хэл гэж хэл шинжлэлд үздэг.


Монгол хэлээр дэлхий нийтэд 10 сая гаруй хүн ярьдаг болохыг  судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, Монгол Улс (3 сая 300 мянга орчим), БНХАУ (өвөр Монгол 7 сая орчим), ОХУ (буриад Монгол 647 мянга) байдаг. Монгол Улсын иргэд  төрөлх эх хэлээрээ хэлд ордог. Гэвч БНХАУ юм уу, ОХУ дахь (Монгол үндэстэн) тухайн улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болох магадлал өндөр болсон талаар зарим эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсэн байх юм. Эх хэлийг тухайн улсын тусгаар тогтнол,  үндэстний дархлаа гэж үздэг юм байна. Ийм учраас олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэх  утга учир энд оршиж байгаа бололтой.

 

Холбоотой мэдээ