Айраг өртөөнд вагон замаас гарсан асуудлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-02-16 21:36:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг өртөөнд вагон замаас гарсан асуудлын тухай УБТЗ-аас тодрууллаа  


     "Энэ оны 2 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 5 цаг 58 минутад Айраг өртөөний галт тэрэгний бүрэлдэхүүнийг эмхлэн найруулах зориулалттай 4 дүгээр зам руу хоосон 26 вагоныг ачаатай 50 вагонтай холбохоор түрж орох үед уг хэрэг явдал болсон. Найруулагч, туслах найруулагчийн ЗОГС гар дохиог харалгүйгээр машинч хөдөлгөөнийг үргэлжлүүлэхдээ  тоормос оройтуулж барьснаас хөдлөх бүрэлдэхүүнийг 15 км/цаг-ийн хурдтай мөргүүлж, контейнер ачсан 3 вагоныг замаас гаргасан. Энэ үед төмөр замчид гэмтэж бэртээгүй бөгөөд гол замын тээврийн хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байсан" гэж УБТЗ-ын тээврийн хяналтын албанаас мэдээллээ.


Болсон явдлын талаарх мэдээллийг Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвийн ахлах диспетчер холбогдох тушаал, журмын дагуу ЗТХЯ-ны удирдлага, УБТЗ-ын дарга нарт яаралтай илтгэж, холбогдох арга хэмжээ авчээ. Замаас гарсан 3 вагоныг тухайн өдрийн 18.50 цагт сэргээн босгосон байна. 


ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ-ын удирдлагад болсон асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх тухай тодорхой үүрэг өгсөн бөгөөд УБТЗ-аас комисс гаран шалгаж байгаа аж. 

Холбоотой мэдээ