Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдол илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-16 12:09:01

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд хяналтын цэгт болон өдөр, оройн эргүүлээр 320 алба хаагч үүрэг гүйцэтгэв. 

Коронавирусний халдварын тархалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2021 оны А/62 дугаар захирамж гарч, аймаг, сум хооронд орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөн, зах, худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 11-16-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарласан.

Үүнтэй холбогдуулан сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд 22 хяналтын цэгт 120, өдөр, оройн эргүүлээр 85, жижүүр харуулд 115, нийт давхардсан тоогоор цагдаагийн байгууллагын 320 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Мөн цагдаагийн газар болон бусад төрийн байгууллага хамтран тусгай хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд гэрийн тусгаарлалтад байгаа 1186 иргэнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм зөрчихөөс урьдчилан сэргийлж ажилласан бөгөөд одоогоор ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй аж.  

Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй гурав, зөрчлийн шинжтэй 13 нийт 16 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хоёр хүн золгүй байдлаар нас баржээ. Энэ хэргийг Цагдаагийн газар шалгаж байна. Өнгөрсөн оны сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хэвийн түвшинд байсан. Харин зөрчил 70 хувиар өссөн гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ