Цасгүй байгаа сумдын бэлчээрийн ургамлын өндөр 1-12 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуулын судалгааны тойм мэдээг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Ховд аймгийн нийт сум,
багийн түвшинд 2021 оны нэгдүгээр сарын 23-31-нд өвлийн цасны явуулын судалгааны ажиглалт хийжээ. Ийнхүү 84
зогсоол цэгт хийсэн дүнгээс үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд цасгүй, 60 орчим хувьд цасан бүрхүүлтэй
байна.
Одоогийн байдлаар Жаргалант, Мянгад, Дөргөн, Ховд, Мөст
сумын нутгаар цасгүй байна.
Харин Алтай сумын багуудын нутгаар 2-7 см, Булган 3-8 см цастай байна. Мөн Үенч сум 3-6 см, Дуут 1-5 см, Манхан 1-3 см цастай. Зэрэг сум 0-2 см, Чандмань 1-4 см, Цэцэг, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Дарви сумын зарим багийн нутгаар 1-4 см цастай байна.
Мөнххайрхан, Үенч, Булган,Чандмань, Дарви,
Дуут сумын нутгаар гуу жалгандаа цас хунгарлаж хөрлөсөн. Хунгарласан газраа
цасны зузаан 4-30 см хүрсэн аж.
Ховд аймгийн нийт суманд өвөлжилтийн төлөв байдал хэвийн явж байна.
Малын тарга хүч сайн, бэлчээрийн хүрэлцээ нөөц хэвийн.
Малын усан хангамжийн хувьд цас болон голын харз, булаг шанднаас ундаалж байна. Ховд суманд цасгүй тул нутгийн малчид малаа холоос тууж, усалж байна.
Дөргөн, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Алтай, Үенч, Булган суманд өнгөрсөн зун ургамал сайн ургасан тул бэлчээрийн нөөцтэй, мал бэлчээрлэлт хүндрэхгүй байх боломжтой байна.
Харин Цэцэг, Мөст сумын зарим багийн малчид зэргэлдээ сумын нутагт өвөлжиж буй. Учир нь өнгөрсөн зун ургамал тааруу ургасан, намар бэлчээрийн ургамал идэгдсэнээс мал бэлчээх боломж муудсан аж. Мөн зэргэлдээ сум багаас зарим малтай айл өрх ирж, өвөлжиж байгаа тохиолдол байна. Жишээлбэл, Дарви сумын нутагт Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим багийн малчид өвөлжиж буй.
Нийт сумдын нутгаар
өвөлжилт хүндрээгүй, малын хорогдол гараагүй байна. Ихэнх суманд муудсан төлөг, шүдлэн, борлонд нэмэлт тэжээл өгч
эхэлсэн. Малчид байгалийн хадлан тэжээл, хужир шүү тохиромжтой хэмжээгээр нөөцөлсөн
гэж судалгаанд тусгагджээ.
Цаашид
цас орж, цаг агаар хүйтэрвэл зарим суманд хаваржилт хүндрэх, бог мал жилбэ
муутай төллөх эрсдэлтэй байна гэж мэргэжилтнүүд хэллээ. Иймээс өвс тэжээлийн нөөцөө сайжруулах
ажлыг аймаг, сумын удирдлагууд анхаарч ажиллахыг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс зөвлөж
байна.