Мал амьтны халдварт өвчний гаралт өмнөх оноос 57 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон 2020 онд хэрэгжүүлсэн зарим онцлох ажлын үр дүнг танилцууллаа.
Мал эмнэлгийн газар 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай биелүүлжээ. Тус хамт олон мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажилласан.
Тодруулбал, мэргэжлийн
байгууллагууд орон нутгийнхаа мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, “Малын эрүүл
мэнд” аймгийн дэд хөтөлбөрт 100.0 сая, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, лаборатори
болон мониторинг шинжилгээнд 496.6 сая, нийт 596.6 сая төгрөгийг орон нутгийн төсвөөр
батлан санхүүжүүлжээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын
үр дүнд “Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем”-ийг Ховд аймгийн бүх суманд бүрэн
нэвтрүүллээ.
Мөн тус аймагт ажиллаж буй
47 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг ухаалаг төхөөрөмж, суурин болон зөөврийн хэвлэгчээр
бүрэн хангаснаар мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг
баталгаажуулж, эрүүл, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн гэж мэргэжилтнүүд
онцоллоо.
Мал эмнэлгийн урьдчилан
сэргийлэх ажил, дархлаажуулалт, угаалга туулгалт,
боловсруулалтын ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлжээ. Ингэхдээ мал амьтны гоц халдварт өвчингүй
тайван байдлыг хадгалж, халдварт өвчний гаралт өмнөх оноос 57 хувь, шимэгчтэх өвчний
гаралт 80 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн 2020 онд Мал эмнэлгийн
тасаг нэгжийн чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд 17 суманд улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар мотоцикл, компьютер, техник хэрэгсэл, албан ажлын хэрэгцээнд ширээ, сандал,
тавилга олгох замаар ажиллах нөхцөлийг сайжруулжээ.
Мөн 9 сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч болон МАЭМА-ны тархвар зүйч 14 малын эмчийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй “Оролцооны эпидемиологийн хэрэгжүүлэгч эмч”-ээр сургаж, бэлтгэсэн зэрэг олон чухал ажлыг хийсэн аж.
Ийнхүү Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон 2020 оны ажлаараа манлайлж, шилдэг тэргүүний байгууллагын шагнал хүртсэн юм.