“Хавдаргүй Төв аймаг” хөтөлбөр боловсруулахад санал авах хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-08 13:44:39

Төв /МОНЦАМЭ/. “Хавдаргүй Төв аймаг” хөтөлбөр боловсруулахад санал авах хэлэлцүүлгийг аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт НЭМХ-ийн дарга, аймгийн ЭМГ-ын дарга болон холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, амбулаторийн тасгийн эрхлэгч,  нарийн мэргэжлийн эмч нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцлоо.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулинд тусгагдсан 7 төрлийн хорт хавдрын оношилгоо, шинжилгээнд иргэдийг үнэ төлбөргүй хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хавдаргүй Төв аймаг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалтыг хэрхэн хангаж ажиллах санал асуулга авсан.

Мөн тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хөтөлбөрийн зорилго зорилтыг хэрхэн хангаж ажиллах талаар хэлэлцсэн юм. 

Ташрамд, тус аймгийн хэмжээнд 2019 онд шинээр 228 хавдар бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12-оор нэмэгдсэн ба эдгээрийн 53 нь буюу 23,24 хувь нь эрт үедээ оношлогдсон байна. Харин 2021 оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 858 хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтад тогтмол эмчилгээ хийлгэж байна.

Төв аймагт хавдрын өвчлөлийн түвшин нь 10000 хүн амд 24,4 байгаа нь хавдрын өвчлөлөөр улсад 7 дугаарт орж байна. Энэ нь улсын түвшнээс 5,5 промилиэр өндөр байгаа аж. 

Холбоотой мэдээ