Сүхбаатар аймгийн ИТХ-д нэр дэвшигч 82 хүн үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-07 15:10:34

Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидэд  үнэмлэх гардуулах үйл ажиллагаа энэ оны 6 сарын 7-ны Морин цагт боллоо. МАН-ын 33, АН-ын 33, МАХН-ын 138, ИЗНН-ын 2, бие даагч 1  гээд гурван намын нийт 82 нэр дэвшигч албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа.

Намуудын хувьд жендерийн тэгш байдлыг хангах тал дээр урьд жилүүдээс илүү анхаарчээ. Тодруулбал:  МАН-д 26 эрэгтэй 7 эмэгтэй, АН-д 30 эрэгтэй 3 эмэгтэй, МАХН-д 8 эрэгтэй 5 эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм. Нийт 21 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөнө.

Сүхбаатар аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь хэлэхдээ“ Манай нэр дэвшигчдийн хувьд найман жилийн турш баталсан мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрээ амжилттай хэрэгжүүлж ирсэн дадлага туршлагатай боловсон хүчингүүд байгаа” гэлээ. Харин МАН-ын дарга З. Энхтөр “МАН бол Монгол Улсын ууган хүчин. 95 жилийн түүхтэй том нам. Тиймээс бид нэр дэвшигчдээ сонгохдоо ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллүүдээс бүрдүүлсэн. Мөн жендерийн тэгш байдлыг хангах тал дээр маш их анхаарсан” гэдгээ онцолсон юм.

Үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчид нэг нэгэндээ баяр хүргэж, хамгийн гол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, шударгаар өрсөлдөхийг уриаллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ