Хулгайн тээврийг зогсоох тал дээр голлон анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-15 15:09:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Цогтцэций сумын хэмжээнд 4 постод 18 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, маршрутын бус замаар ирэх тээврийн хэрэгсэл, нүүрс тээврийн жолооч нарын хөдөлгөөнд хяналт тавьж, халдварын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Цогтцэций суманд ажиллах үеэрээ "Ковид-19" халдварын эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаатай танилцсан юм. Тус суманд нүүрс олборлолтын гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тухайн уурхайд ажилладаг ажилчдын ихэнх нь сумын төвөөс ажилдаа явдаг. Тиймээс хүний төвлөрөл үүссэн, маш их хөдөлгөөнтэй сум гэж хэлж болно. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, сумын Онцгой комиссын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар тус сумын Гал түймэр унтраах, аврах 44-р ангийн захирагч Ахмад М.Төгөлдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр "Сумын шуурхай штабын хувьд  хулгайн тээвэртэй тэмцэх, хөдөлгөөнт эргүүл, гэрийн тусгаарлалт, тусгаарлан ажиглах байр, уул уурхайн ээлж солигдох үед хяналт тавин ажиллаж байна. Хамгийн нэгдүгээрт хулгайн тээвэрлэлт буюу зөршөөрөлгүйгээр хүн тээвэр хийх асуудалд голлон анхаарч байгаа. Учир нь манай аймгийг ногоон бүс болгохоор Засгийн газраас үүрэг чигглэл өгсөн" гэлээ.

Энэ сарын дундуур гурван уурхайн ажилчдын ээлж солих юм байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар байгуулсан тусгай ажлын баг уурхайн удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ