Байгалийн цогцолборт газарт эргүүл шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-11 19:43:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Улаан бураагийн чацарганын шугуйд Хомын талын байгалийн цогцолборт газраас эргүүл, хяналт шалгалтыг хийжээ.

-“Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн жил бүр чацаргана түүх үетэй зэрэгцэн Хомын талын байгаль хамгаалагчид 24 цагаар ажиллах шаардлагатай тулгардаг. Учир нь Хомын талын Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулах хашаанд буй Завхан гол дагуух чацарганын шугуй, “Улаан бураа”-гаас чацаргана түүх гэсэн иргэд зөвхөн Дөрвөлжин сумаас төдийгүй зэргэлдээх аймгаас зорин ирцгээдэг.

2003 онд тахь сэргээн нутагшуулах зорилгоор хамгаалалтын хайс татсанаар малын бэлчээрлэлт эрс багасаж, чацаргана эрчимтэй ургаж эхэлсэн нь Завхан гол дагасан чацарганын өтгөн шугуйг бий болгосон байдаг. Улаан бураагийн чацарганын шугуй нь тахь сэргээн нутагшуулах хэсэгт хамаарах бөгөөд чацаргана түүхээр ирсэн хүмүүс тахийн хайс хамгаалалтыг эвдэх, таслах, тэдгээрийн хөл хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, дуу чимээнээс болж сэргээн нутагшуулж буй тахь үргэх. Голоос ус ууж чадахгүйд хүрэх зэрэг хүндрэлүүд гардаг.

Ийм учраас энэхүү Улаан бурааны хэсгийг байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд хариуцуулах. Зөв зохистой ашиглах чиглэлээр Хомын талын тахь ТББ тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ жилийн хувьд Хомын тал нь байгалийн цогцолборт газрын ангиллаар Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан. Тиймээс Хомын талын тахь ТББ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагчид оны өмнөхөн эргүүл хяналтыг хийлээ. Байгаль хамгаалагчид маань долоон өдрийн турш тасралтгүй эргүүл хяналт хийж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, энэ үеэр иргэдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай мэдээлэл өгч, байгалийн цогцолборт газрын дэглэмийг мөрдүүлэх, сануулах арга хэмжээг авч ажиллалаа” гэж Хомын талын Тахь ТББ-аас мэдээлэв.



 Хомын талын байгалийн цогцолборт газарт тэмдэгжүүлэлт хийв

Хомын талын байгалийн цогцолборт газраас хөл хөдөлгөөн хамгийн их байдаг газруудад тэмдэгжүүлэлтийг хийжээ.

-“Тухайлбал Их буурлын Цагаан овоо, Завхан голын гүүр, Тээлийн гүүр, Хоолойн гүүр, Өндөр элст уулын баруун урд, Тахь сэргээн нутагшуулах хашааны урд хаалга зэрэг таван хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн нэвтрэх тэмдэг бүхий самбарыг байршууллаа.

Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулж буй хэсэг нь цаашид Хомын талын байгалийн цогцолборт газрын “Онцгой бүс” болох бөгөөд сэргээн нутагшуулалтын хашааны орох гарах гарцууд дээр онцгой бүсийн дэглэмийг мөрдүүлэх дөрвөн самбарыг мөн өнгөрсөн онд байршууллаа. Ташрамд дуулгахад Хомын талын байгалийн цогцолборт газар нь  2020 оны тавдугаар сард байгуулагдсан. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Сээрийн нуруу, Хомын тал, Завхан гол, Улаан бураа, Их болон Бага Буурал, түүний салбар уулсыг хамарсан нийт 411,403.80 га талбай бүхий нутаг дэвсгэртэй юм” гэв. 

Холбоотой мэдээ