Ш.Оргил:Иргэд маань бидний зорьсон, хүссэн хэмжээнд хүрч шинжилгээндээ хамрагдахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-03 21:42:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил ээлжит цаг үеийн мэдээллийг өглөө.

Тэрээр “Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн албан ёсны өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо зургаагаар нэмэгдэж, 189 болсон байна. Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо яагаад 0 болохгүй байна гэж та бүхэн бодож байгаа байх. Учир нь энэ аюулт цар тахал манай аймагт 11 дүгээр сарын 11-нээс өмнө аль хэдийнэ ороод ирчихсэн, тархсан байсан. Харин нөгөө цахимаар янз бүрээр шүүмжлүүлээд байгаа анхны тохиолдлын иргэн бидэнд энэ өвчний анхны мэдээллийг өгч бид мэдсэн” хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдлаа.

Мөн тэрээр нэгэнт нэлээдгүй цар хүрээг хамарсан байсан вирусний эсрэг бидний хамгийн түрүүнд хийх ажил бол энэ эрсдэлтэй сумдынхаа хүн амыг яаралтай хугацаанд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, халдвар авсан иргэдээ яаралтай ялган авч дараа, дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээнд хамруулах явдал юм гэж зорин ажиллаж байгаа. Гэвч иргэд маань бидний зорьсон хүссэн хэмжээнд хүрч шинжилгээндээ хамрагдахгүй байна. Өнөөдөр нэг зүйлийг онцлон хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон Сэлэнгэ аймаг руу нэвтэрч байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Аймгийн онцгой комиссоос ч ийм шийдвэр гаргаагүй. Харин өвчлөл бүртгэгдсэн аймаг орон нутгаас ирж байгаа 2-оос дээш насны бүх иргэн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж хэлье. Бид  ч мөн өвчлөл бүртгэгдсэн сумдаас гарч байгаа өөр аймаг орон нутгийн хүн нэг бүрийг PCR шинжилгээнд хамруулж баталгаажуулсны үндсэн дээр буцаах ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.  

Холбоотой мэдээ