Тусгаарлалтад байгаа хүүхдүүдийн PCR шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-25 13:06:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 11.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдэд БОЭТ-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулж байна. 

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажиглан тусгаарлах зургаан байранд 149 иргэн байна. 11 дүгээр сарын 11-нээс хойш аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурт нийт 15372 иргэн хамрагджээ. ХӨСҮТ болон Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторид 1025 сорьцыг PCR шинжилгээнд хамруулсан байна. Ингэснээр 11 дүгээр сарын 11-нээс хойш түргэвчилсэн болон PCR шинжилгээнд нийт 16696 хүн хамрагджээ. Үүнээс 17 нь батлагдсан тохиолдол юм. Түргэвчилсэн оношлуурын 12 цэг ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Бугант суманд самарт яваад хөл хорионд ороод байсан Орхон аймгийн иргэдээ урьд шөнө татан авчээ. Тодруулбал, дөрвөн машин бүхий 24 иргэн Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамрагдаж Орхон аймагт ирээд 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжжээ.  

Орхон аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу зорчих 1758, ирэх 3055 иргэн байна. Ирэх болон гарах бүх хүн шинжилгээнд хамрагдах ёстой. 

Холбоотой мэдээ