“Ариун цэврийн өрөөний өдөр” хийгээд “нүхэн жорлон”

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-11-19 12:04:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн суултуурын байгууллагаас 2001 оноос  жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Ариун цэврийн өрөөний өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Дэлхийн нийтэд 2.5 тэрбум хүн суултуур хэрэглэдэггүй гэсэн албан ёсны тоо баримт байдаг аж. Суултуургүйн улмаас физиологийн шаардлагаар бохироо гадагшлуулдаг ил задгай газарт нэг тэрбум гаруй хүн амьдардаг гэсэн тооцоо гарчээ. Тэдгээрийн  ихэнх нь Африк, Ази тэр дундаа Энэтхэгт 600 сая хүн байдаг гэнэ. Хүний өтгөн шингэн дээр суусан ялаа гэх мэт жижиг шавьж, бие зассаныхаа дараа гараа угаалгүй хоол идэх нь үхэл дагуулсан аюулын гол шалтгаан ч болдог хэмээн үзсэн байна. Энэ бол Дэлхий нийтийн хэмжээнд гаргасан тоо баримт. Харин манай улсын хувьд энэ талаар арай өөр тоо баримт гардаг юм.


Монгол улс 897,427 өрхтэй. Тэдний 606,252 өрх хот, суурин газарт 291,145 нь хөдөө амьдардаг гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн санд тэмдэглэжээ. Харин хамгийн олон өрхтэй хот суурин газар болох нийслэл Улаанбаатар хот 411,420 өрхтэй. Нийслэлийн нийт өрхийн 42.1 хувь нь орон сууцанд амьдардаг. Тэдний хувьд суултуур шийдэгдсэн гэж үзэж болох биз. Харин гэр хорооллын суурьшлын бүсэд 57.9 хувь нь амьдарч байна. Тэдний 93 хувь нь төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй нүхэн жорлонтой. Үлдсэн нь бохирын буюу суултуурын асуудлыг бие даан шийдсэн гэсэн үг. Нүхэн жорлон 21 дүгээр зуунд халаагаа өгч байгаа. Гэхдээ манай орны хувьд энэ үзүүлэлт шийдлээ хүлээж байгаа шилээ дарсан олон асуудлын нэг хэвээрээ байгаа гэж ойлгож болно. Ердийн суурьшлын бүс гэр хороололд нүхэн жорлонтой байх нь зүй ёсны гэх хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжтой байж болох ч зайлшгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй бүс нутаг гэж байдаг. Ийм бүс нутагт төв  суурин хот газрын цэвэр усны эх үүсвэр бүхий бүсүүдийг нэрлэнэ.


Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэр дэх цэвэр усны эх үүсвэрийн бүсийг онцгой (3852), эрүүл ахуйн хориглолтын (3629),  энгийн (18381), хамгаалалтын гэж гурав хуваан бүсчилдэг. Тухайн бүсүүдэд нийт 25,862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашигладаг гэсэн судалгаа байдаг гэж нийслэлийн Байгаль орчны газрын албан ёсны сайтад мэдээлсэн байна. Хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглах нэг хэрэг. Харин тэдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь цэвэр усны эх үүсвэр бүхий газрын 28554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708,6 га газрыг бохирдуулж байна.


Монгол Улсад “Нүхэн жорлон, угаадасны нүх”-ний “МNS 5924:2015 стандарт" байдаг. Нийслэлийн Байгаль орчны газраас дээрх бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид дээрх стандартыг мөрдөн ажиллах шаардлага тавьдаг. Тус байгууллага хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн баялаг ашиглах дагалдах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхгүй байх бодлого баримтлан ажиллаж байна.


Нэгдмэл байдлаар уншигч танд хүрч байгаа дээрх мэдээллүүдийг хэн хүлээж авч байна гэдгээс шалтгаалан хоёр янзаар хүрэх нь ойлгомжтой. Тухайн бүсэд газар эзэмшиж ашиглахдаа стандарт хангаагүй нүхэн жорлонтой иргэн, аж ахуйн нэгжийн хувьд нийслэлийн Байгаль орчны газраас тэдэнд эзэмшиж, ашиглаж байгаа газартай холбоотой ямар нэг төрлийн төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж байгаа нь тэдний хувьд “маш муу” мэдээ болж таарна. Гэтэл ундны усны эх үүсвэр дээр стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг цөөлж, зогсоож байгаа нь нийслэлийн  иргэдийн хувьд “маш сайн” мэдээ болно. Аливаа зүйл хоёр , түүнээс  ч олон талтай гэдгийн хамгийн тод жишээ энэ.


Нийслэлийн 1.4 сая иргэний цэвэр усны эх үүсвэрийн бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа бол дээрх стандартыг зайлшгүй мөрдөх ёстой. Харин мөрдөхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжид төрийн нэрийн өмнөөс үзүүлэх ямар нэг төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг хууль ёсны шаардлага болох нь зүй. Монголчууд үүнийг цөөн үгээр “Усыг нь уувал хууль ёсыг нь дагана” гэж хэлдэг. Цэвэр усны эх үүсвэрийн бүсэд тавигдах болсон “Нүхэн жорлон, угаадасны нүх”-ний “МNS 5924:2015 стандарт" суурьшлын бүс дэх гэр хороололд бүрэн мөрдөгдөх учиртай. Тэр нөхцөлд нийслэлийн хөрсний бохирдол агаарын (утаа) бохирдол шиг 50, 80 хувь хүртэл буурах нөхцөл бүрдэнэ. Эдүгээ нийслэлд цар тахал “Ковид-19”-ын голомт үүссэн байна. Ийм нөхцөлд Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс нүхэн жорлонтой өрхийн иргэдэд, 00-д ордог тусгай гуталтай болох, түүнийг ганцхан тэр зориулалтаар нь ашиглаж сурахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ