Олимпын байгууламж барих хэлцэл хийхдээ хахууль өгсөн эсэхийг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-26 09:53:47

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Улсын төсвийн хөрөнгөөр Рио-де-Жанейро хотод Олимпын байгууламжууд барих гэрээ хэлцлүүдэд авлигын шинжтэй асуудал байгаа эсэхийг Бразилын Холбооны прокурорын газар шалгахаар болжээ. 

“Бид Олимпын парк, Деодору дахь цогц байгууламж болон бусад объектуудад шалгалт явуулж эхэлсэн” гэж Рио-де-Жанейро хотын Холбооны прокурор Леандру Митидьери мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, дарвуулт завины тэмцээн болох Гунабарын хойг болон Барра-да-Тижука дахь давстай нуурыг цэвэрлэхэд зориулан улсын төсвөөс гаргасан хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулсныг хууль хяналтын байгууллагууд шалгах аж. 

Түүнээс гадна, 5 дугаар сарын эхээр Рио-де-Жанейро хотын парламентын шийдвэрээр Олимпын байгууламжууд барихтай холбоотой гэрээ хэлцлүүдэд ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулийн сэжүүр байгаа эсэхийг шалгах тусгай комиссыг байгуулсан байна. Уг комиссыг байгуулах шаардлагыг сөрөг хүчнээс хотын парламентад суугаа депутат Жефферсон Моура тавьжээ. Гэтэл комиссын бүрэлдэхүүнд хотын дарга Эдуарду Паэс болон түүний хамаарагддаг Бразилын Ардчилсан хөдөлгөөний намаас хотын парламентад сонгогдсон хүмүүс орсон аж. Тодруулбал, комиссын бүрэлдэхүүнд багтсан таван депутатаас дөрвөн нь хотын даргатай адил дээрх намын гишүүд гэнэ. Тэд зургаан сарын хугацаанд цэнгэлдэх хүрээлэн, авто зам болон Олимпын бусад объектуудыг барих гэрээ хэлцэл хийх явцад авлигын шинжтэй хуйвалдаан болсон эсэхийг шалгах юм. 

Сануулан дурдахад, сар гаруйн өмнө Рио-де-Жанейро хотод Олимпын дугуйн уралдааны зам цөмөрч нурсан нь ихээхэн дуулиан дэгдээсэн билээ. Уг замыг тус хотын Аялал жуулчлалын сайд Антониу Педру Фигейра ди Меллу-гийн гэр бүлийн эзэмшлийн нэгэн компани барьсан аж. Харин хотын дарга хэлэхдээ “барилга барих гэрээ хэлцэл хийхэд ах дүү, хамаатан садны нөлөө ороогүй” гэж мэдэгдсэн байна.

31 дэх удаагийн Олимпын наадам 8 дугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд, Паралимпийн тоглолт 9 дүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд болно. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ