А.Шоовдор:Манай улс замынхаа стандартыг өөрчлөх цаг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-25 14:05:18

Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь байгальд ээлтэй, утаагүй, эко, олон улсын портланд цемент үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Тус үйлдвэр нь техник технологийн шинэ дэвшил бүхий хуурай аргын дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хоногт 3000 тонн, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм. Ингээд Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэрийн дарга А.Шоовдортой үйлдвэрийн өнөөгийн болоод хэтийн зорилго, үйл ажиллагааны талаар хөөрөлдлөө.           

-Шинэ технологи нэвтрүлсэн үйлдвэрийн өнөөгийн ажил амьдрал хэр өрнөж байна. Ирээдүйн хөгжил ямраар харагдаж байна даа?

-Манай үйлдвэр энэ жилийн хувьд ерөнхийдөө 500-гаад тонн цемент үйлдвэрлэсэн. Төслийн хүчин чадал маань 1 сая тонн шүү дээ. Бид шинэ клинкрээ тээрэмдээд засвар үйлчилгээний ажлаа дууссан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд түлш, түүхий эд, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ туршилт зэрэг ажлууд хийлээ. Одоо бидний хамгийн том зорилт бол зах зээл л чухал байна. Хэрвээ зах зээл байдаг бол бид 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломж хангалттай бий. Манай улсад ийм цементийн үйлдвэр гурав баригдаж байгаа. Тэгэхээр яваандаа өрсөлдөөн бий болоод, зах зээл байхгүйгээс энэ үйлдвэрүүдийг хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүргэх вий. Ийм учраас миний зүгээс зах зээл нээгээч ээ гэдэг асуудлыг дээд шатандаа тавьж байна. Ингэхийн тулд яах вэ?. Одоо энэ могойн хальс шиг асфальтан замаа болиоч ээ. Энэ зам бол Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирохгүй зам. Нөгөө талаас зам маань уртсах тутам зам арчилгааны зардал улам нэмэгддэг. Нэг жилдээ тавьчаад дараагийн жилд нь бид засвараа хийж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид зам тавьж байна аа л гэнэ. Үндсэндээ засвар хийх замаа тавьж байгаа юм л даа. Иймээс замын асуудлыг хөгжилтэй орнууд яаж шийдсэн бэ гэхээр угсармал бетонон авто замаар шийдсэн. Ийм замуудыг цементээр үйлдвэрлэдэг. Тийм учраас бид тийм зам руу орьё. Энэ заманд хэрэгтэй, шаардлагатай тэр цемент нь монголд бий болчихлоо. Иймээс манай улс замынхаа стандартыг өөрчлөөд асфальтан замаа болиод энэ угсармал бетонон зам руу орох шаардлага зайлшгүй үүсч байна. Энэ асуудлаар дээшээ хөөцөлдөөд яам тамгын газар луу санал хүсэлтээ тавьсан байгаа.

-Таны яриад байгаа бетонон замын чанар, насжилт хэр байдаг юм бол. Мэдээж энэ замыг хэрхэн монголын хөрсөнд суулгах талын судалгаа танд байгаа байх гэж бодож байна?

-Энэ замыг барууныхан мөнхийн зам гэж нэрлэдэг. Энэ зам бол 100-150 жилийн насжилттай. Дуртай газраа зөөж барьж, тавьж болдог давуу талтай. Надад тэр замны бүх технологи, орц гээд нарийвчилсан судалгаа, бүх юм нь байгаа. Энэ судалгаа, загвараа би танилцуулаад явж байна даа.   

-Танай үйлдвэрийн нөөц хэр  байгаа вэ. Судалгаа хэр хийгдсэнийг нь сонирхож болох уу?

-Манай шохойн чулууны нөөц 50-иад сая тонн байна. Бид энэ хуурай аргын цементийн үйлдвэрээ барихад ашиглалтын хайгуулын судалгаа хийлгээд нөөцөө батлуулсан. Тэнд 2-р орд дээр 23 сая тонн, 1-р орд дээр 17 сая тонн гэсэн нөөц гарсан. Энэ нь үйлдвэр 30 жил тасралтгүй ажиллах нөөц байна гэсэн үг.

Танд баярлалаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ