Дархан сумын ИТХ-ын даргаар Я.Бат-Очирыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-02 20:40:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд  31 төлөөлөгч бүрэн оролцож 100 хувийн ирцтэйгээр эхлэв. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай байв. Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг сумын Сонгуулийн хорооны дарга И.Алтанцэцэг танилцуулж  сумын ИТХ-ын 31 Төлөөлөгчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар зөвшөөрч баталлаа.

Дараагийн хэлэлцэх асуудал нь сумын ИТХ-ын даргыг сонгох тухай асуудал байв. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын даргад Ядамбаярын Бат-Очирын нэрийг дэвшүүлж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын ИТХ-ын даргаар сонголоо.

Сумын ИТХ-ын даргыг сонгосны дараа Төлөөлөгчдийн үнэмлэхийг баталгаажуулан шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.

Ядамбаярын Бат-Очирын товч танилцуулга.

1978 онд төрсөн

2002-2006 онд Техникийн дээд сургуулийг Уул, уурхайн цахилгаан механик мэргэжлээр

2006-2008 онд ШУТИС-ийн Уул, уурхайн инженерийн сургуулийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Ажлын дадлага туршлага:

2005-2006 онд “Монголросцветмет” ХК-ийн харьяа “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрт цахилгаанчин

2006-2010 онд Техникийн дээд сургуульд багш

2010 оноос хойш ШУТИС-ийн Дархан салбарт багшаар ажиллаж байна.

Анхдугаар хуралдааны гуравдугаар асуудал нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож батлах тухай байсан. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Я.Бат-Очир, А.Соронзонболд, Б.Оюунчимэг, Э.Цогзолмаа, Т.Чимгээ, Н.Болор-Эрдэнэ, Б.Ууганбаяр нарыг сонгон ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ