Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-02 11:17:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал хэлэлцэв

Хурлаар тэргүүлэгчдийг  9:2 буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тодруулбал, МАН-ын бүлгээс Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Ж.Батсайхан, Т.Баярсайхан, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг,  харин АН-ын бүлгээс Л.Энхбаяр, Б.Бадарч нарыг тус тус сонгож, тогтоолын төслийг баталлаа. 

Мөн Нутгийн удирдлага, хууль, эрх зүй, гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо байгууллаа. Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо байна. Улмаар хороо тус бүрт 9-11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо.

                              Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ

Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн юм. МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав.

Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авсан.

Улмаар АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад өөр төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Харин аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө хамтарч ажиллах, дэмжихээ илэрхийллээ.

Ингээд санал хураалтыг нээлттэй явуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталлаа.

Б.Дүгэржав: Ховд нутгийнхаа хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудалд дорвитой өөрчлөлт хийж, шударга ёсыг тогтоох, эв эеийг эрхэмлэх, эхлүүлсэн ажлаа амжилттай үргэлжлүүлж ажиллахаа илэрхийллээ.

Тус хуралдааны төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлсэн бөгөөд Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэн анхдугаар хуралдааныг хаалаа.  

Холбоотой мэдээ