Судлаач: “COVID-19”-ийн эхний вакцинууд хүн бүрт үр дүнтэй байж чадахгүй байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-28 11:10:37

ЛОНДОН. /TASS/. Коронавирусний эхний вакцинууд вирусний эсрэг үйлчлэл нь түр зуурын, түүнчлэн хүн бүрт үр дүнтэй байж чадахгүй байж болзошгүй гэж Их Британийн Засгийн газрын вакцины асуудлаарх ажлын хэсгийн ахлагч Кейт Бингем үзэж байна. Түүний нийтлэл Их Британийн анагаах ухааны "The Lancet" сэтгүүлд мягмар гарагт гарчээ.


"Коронавирусний эхний вакцинууд төгс болохгүй байх магадлалтай. Вакцинууд халдвараас урьдчилан сэргийлж чадахгүй,  харин өвчний шинж тэмдгүүдийг бууруулж магадгүй юм. Тэгсэн ч гэсэн бүх хүнд эсвэл урт хугацаандаа үр дүнтэй байж чадахгүй байж болзошгүй тул бид бэлтгэлтэй байх ёстой" гэж Бингем бичсэн байна.


Тэрбээр мөн вакцины боловсруулалтын талаар хэт өөдрөг хандахгүй байхыг уриалав. "Вакцинтай болох эсэхээ бид огт мэдэхгүй байна" гэж Бингем онцлон тэмдэглэжээ.


Үүний зэрэгцээ Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт өргөн нэвтрүүлгийн BBC корпорацид ярилцлага өгөхдөө, гарган авсан вакцинууд үр дүнтэй болох нь туршилтын явцад батлагдсаны дараа коронавирусний эсрэг вакцинжуулалтыг тус улсад 2021 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар Их Британи эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа зургаан төрлийн вакциныг хэдэн арван сая тунгаар худалдан авах гэрээг урьдчилан байгуулжээ. Тус улсын эрх баригчид Оксфордын их сургууль болон Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компанийн хамтран гарган авсан вакцинд хамгийн их найдвар тавьж байна. Энэхүү вакцины туршилтын гурав дахь үе шат Их Британи, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк болон Япон улсад явагдаж байгаа бөгөөд удахгүй АНУ-д дахин эхлэх гэж буй юм. Тус компани вакцины үр дүнтэй байдлын талаарх мэдээллийг энэ оны эцэс гэхэд авна гэж найдаж байна.


Холбоотой мэдээ