Улирлын томуугийн вакцинаас болж 20 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг БНСУ-ын ЭМЯ судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-23 11:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 21, 22-нд дөрвөн лабораторид 1053 хүнд шинжилгээ хийжээ.


Үүнээс Алтанбулагийн боомтоор энэ сарын 20-нд орж ирсэн 30 настай эрэгтэй, ТИР ачааны машины жолоочоос коронавирус илэрснээр Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 328 болсныг ЭМЯ өчигдөр мэдээлсэн.



Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусээр халдварлагсдын 312 буюу 95 хувь нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 16 хүн эмчилгээнд байгаагаас 12 хүний биеийн байдал хөнгөн, бусад нь хүндэвтэр байна.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр үеэр гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн тохиолдлын талаар мэдээлэл өгөхдөө, “Сиэтл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор энэ сарын 1-нд ирсэн иргэний эхний шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг 13 дахь хоногт хийхэд сөрөг гарсан бол гурав дахь шинжилгээгээр буюу 20 дахь хоногтоо халдвар илэрсэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилж эхлээд байна” хэмээв.

Мөн тэрбээр, БНСУ-д улирлын томуугийн вакцинаас болж 20 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг БНСУ-ын Эрүүл мэндийн яам судалж байна. Энэ бол албан ёсны мэдээлэл биш гэж үзэж байна. Манай улсад 509 500 хүн тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруйг хийсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэг сөрөг урвал хүндрэл илэрсэн тохиолдол байхгүй. Вакцин хийлгэсний дараа  хөндүүрлэх, үл мэдэг халуурах зэрэг түр зуурын шинж тэмдэг гардаг” гэдгийг тодотгосон юм.  


Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн, энэ  сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн  давтан шинжилгээ, 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ, 20-нд  Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүн, 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүн, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85, Дорноговь аймагт тусгаарлагдсан ес, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Ташрамд дурдахад, дэлхий дахинд 41.1 сая хүн коронавирусээр өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ.

Холбоотой мэдээ