Төрийн байгууллагууд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-15 15:44:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний бодлогын баримт бичигтэй уялдуулах, мөн төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийг мөрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах шаардлагатай байгааг АТГ-аас мэдээлэв.


 Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авлигын эсрэг үйл ажиллагааны байгууллагын төлөвлөлт, үр дүнг сайжруулах-арга зүйн асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг засаглалын судалгааны чиглэлээр ажилладаг судлаач нарын дунд энэ сарын 14-нд АТГ-ын Олон нийтийн төвд зохион байгууллаа.


Уулзалтын үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш 2008 оноос төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байсан туршлага, бэрхшээл, сорилтын талаар танилцуулав.


Уулзалтад оролцсон судлаачид төлөвлөлтийг сайжруулах, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний загварыг хэд хэдэн хувилбараар боловсруулж, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахаар тогтов. Мөн судлаачид авлигын эсрэг үйл ажиллагааг төрийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй төлөвлөх, тайлагнах, арга зүйг боловсруулах, энэ талаарх сайн туршлагын талаар санал солилцсон юм.


Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын сайн туршлагыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2008 оны 4 дүгээр сараас тухайн үеийн яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлж, улмаар жил ирэх тусам төлөвлөлт ба хэрэгжилтийг үнэлэх аргачлал, механизмыг боловсронгуй болгон өргөжүүлж, улмаар  2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагджээ.



 


Холбоотой мэдээ