Э.Анхбаяр: Тэмдэглэсэн саналын хуудсыг баримтжуулан зураг авбал 10 сая төгрөгөөр торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-14 12:47:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад бүртгэгдсэн гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтийн талаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Анхбаяраас тодрууллаа.


Орон нутгийн сонгуулийн үеэр нийтийн хэв журам хамгаалах, сонгуультай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна?

- Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр тушаалаар байгуулсан. Үүнд нийтийн хэв журмыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг, сонгуультай холбоотой гомдол мэдээллийг шалгах ажлын хэсэг гээд 2 дэд ажлын хэсэг ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай хэдэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бэ?

- Сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн тухай нийтдээ 7 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс  2 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн. Мөн 2 гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан. Үлдсэн гомдол мэдээллүүд хуулийн хугацаанд ажиллагаанд байна.

Зөрчлийн хэрэг нээсэн хэргүүдийг шалгаад шүүхэд шилжүүлсэн үү?

- Шүүхэд шилжүүлээгүй. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэсэн үг.

Бүртгэгдсэн зөрчлүүд сонгуулийн хууль тогтоомжийг ямар хэлбэрээр зөрчсөн байна?

- Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчиж мөнгө төгрөг хандивласан, ивээн тэтгэсэн гэсэн 2 зөрчил байна. Мөн бусдын нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон гэсэн 2 зөрчил бүртгэгдсэн. Үлдсэн нь бусад төрлийн зөрчлүүд байгаа.

Маргааш сонгуулийн санал авах ажиллагаа болно. Цагдаагийн байгууллагаас анхааруулж хэлэх зүйл юу байна?

- Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэд санал авах байранд санал өгөх үеэрээ гар утсаараа саналын хуудасны зургийг авсан 3 зөрчил гарсан. Тухайн хүмүүст торгууль оногдуулсан байгаа. Зөрчлийн тухай хуулиар тэмдэглэсэн саналын хуудсыг баримтжуулан зураг авбал хүнийг 10 сая төгрөгөөр торгодог. Иргэд хууль тогтоомжоо чанд баримталж, гар утсаараа саналын хуудасны зургийг авахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ