"Сэлэнгэ-2020" хээрийн сургууль боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-13 16:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ боллоо. 

Монгол Улс, ОХУ-ын БХЯ хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээжлэн, жил бүр зохион байгуулж ирсэн уг сургуулилтыг энэ дэлхий нийтийг хамраад буй  “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан анх удаа өөр өөрийн нутагт энэ сарын 7-нд эхэлж нэгэн зэрэг хийв. 


Энэ удаагийн сургуулийг “Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбарын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах” сэдвийн хүрээнд 3 үе шаттайгаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургалтын төв, зэвсэглэл, цэргийн техникийг түшиглэн зохион явуулсан талаар БХЯ-наас мэдээллээ.


"Сэлэнгэ-2020" хээрийн сургуулийг батальоны тактикийн отолтын болон маневрын бүлэг, дайрах бүлэг, самнах бүлэг, гал цохилтын бүлгээр зохион байгуулж, тактикийн болон галын цохилт, маневрын харилцан ажиллагааг хангаж явуулснаараа онцлог болж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 10 нэгтгэл, ангийн цэргийн алба хаагчид мэргэжлийн дагуу үүрэг гүйцэтгэв. 


Холбоотой мэдээ