"Анна Каренина" жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглож байна

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-10-07 10:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжгийг 2020 оны 10-р сарын 3-наас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.

 

Дэлхийн сонгодог бүтээлийн нэг “Анна Каренина”-г янз бүрийн өнцгөөс үзэж харж, янз бүрээр тайлбарладаг. Гол дүр Анна Каренинаг хэдэн ч янзаар хэлэлцэж, шүүмжилж болно. Харин энэ удаа Н.Наранбаатар найруулагчийн өнцгөөс харж таашаал авах боломж манай монголчуудад олдож байна.

 

Энэхүү сонгодог жүжгийн гол дүр Анна Каренинад залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Аннагийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээх юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар, СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцжээ.

 

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа болон П.Анужин нар оролцсон тухай Соёлын яамнаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ