УБТЗ-д ХАБ-ын институт байгуулах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-02 15:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын бүтээн байгуулалттай явж танилцсан УБТЗ ХНН-д ажиллаж байсан ахмадууд шинэ төмөр замын ажлуудыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.


Өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр, төмөр замын ахмад ажилтнууд салбарын бүтээн байгуулалтад монгол инженер, ажилтан, ажилчин залуучууд оролцож эх орныхоо бүтээн байгуулалтыг хийж буйд бахархахын сацуу энэ салбарт хийж хэрэгжүүлэх зүйлийн талаар санал бодлоо хуваалцсан юм.


Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун хэлэхдээ, "Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах нь манай төмөр замын салбарт ус шиг хэрэгтэй амин чухал хэрэгцээ шаардлага байдаг. Өнөөдөр АШУИС-д ХАБЭА-н ангийг нээж байна. УБТЗ-д ХАБ-ын институт байгуулах цаг болсон. Ер нь уул уурхай, ХАА гээд манай улсын аль ч салбарт ийм байдал бий болсон" гэдгийг онцолж байлаа.

Тэрээр шинэ төмөр зам тавьж, зам даган төмөр замын шинэ зөрлөг, зангилаа, хот суурин байгуулагдана. Ингэснээр 10 гаруй мянган ажлын байр нэмэгдэх тооцоо гарсныг дуулгав. Тодруулбал, Гашуунсухайтаас- Зүүнбаян хүртэлх  648 км төмөр замыг тавьснаар 4000-5000 гаруй ажлын байр бий болж,  50-60 гаруй сумыг санхүүгийн хямралаас гаргаж байгаа гэсэн судалгаа гарсан байна гэлээ. 


Монгол Улсын СГЗ, ахмад төмөр замчин С.Зэвсэг хэлэхдээ, "Монгол Улсын хувьд өмнө нь төмөр замаа өөрсдийн гараар барина гэдэг их хол, хөндий сонсогддог байлаа. Хуучнаар ЗХУ-ын дэмжлэг тусламжийн буянд  л төмөр замаа барьж байсан тэр эрин үе дуусаж,  өнөөдөр манай Монголын залуу хойч үе энэ зууны том бүтээн байгуулалт болох төмөр замыг өөрсдийн гараар, илүү хямд төсөв санхүүгээр барьж байгаа нь үнэхээр бахархмаар" гэдгийг хэлж байв. 

Одоогоор УБТЗ гэсэн их айлд 16 мянган хүн ажиллаж, 200 мянган айл өрх төмөр замд харьяалагдаж байна. 


Хэвлэлийн хуралд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Бумцэнд, Б.Шараа болон Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр, Ю.Идэрчулуун, СГЗ, сэтгүүлч С.Зэвсэг нарын Монголын төмөр замд ажиллаж байсан, төмөр замаас төрөн гарсан гавьяатнууд оролцлоо. Тэд өнөөдөр Монголын төмөр замд алдаанаас илүү оноо нь 80 хувьтай байж, салбар замуудыг оролцуулаад нийтдээ 2000 км үргэлжлэх Монголын төмөр замын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг өгүүлж байлаа. 


Төмөр замаар тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос 8 хувиар өсжээ. Монгол Улс энэ оны эхний 8 сарын байдлаар 19 сая гаруй тонн бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэсэн байна. Үүний 8800 орчим тонныг улаанбуудай, хүнсний ногоо эзэлж байгаа аж. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ