Хонконгийн төрийн албан хаагчдад АНУ-ын Консулын газрын ажилтнуудтай уулзахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-29 14:25:41

ХОНКОНГ. /South China Morning Post/. Хонконгийн төрийн албан хаагчдад БНХАУ-ын засаг захиргааны тус онцгой бүс дэх АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудтай ямар нэгэн уулзалт хийх, холбоо барихаас зайлсхийхийг үүрэг болгожээ.


Энэ нь Вашингтоны зүгээс БНХАУ-ын дипломат ажилтнуудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтын хариуд авсан Бээжингийн хариу арга хэмжээнүүдийн нэг юм гэж “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлж буйгаар, хүлээн авсан аман зааврын дагуу Хонконгийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчид АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудтай тэр ч байтугай утсаар ярилцах ёсгүй байна. Мөн Америкийн талаас тусгай зөвшөөрөлгүйгээр зохион байгуулж буй хүлээн авалт, семинарын урилгыг хүлээн авах ёсгүй аж. АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас дуудлага ирсэн тохиолдолд ярих эрхгүй гэж шалтаглан яриаг нь таслах тушаал өгсөн байна.


"АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах төв Засгийн газрын шийдвэрийг Хонконгийн эрх баригчид бүрэн дэмжиж, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлнэ" гэж тус онцгой бүсийн засаг захиргааны тэргүүний ажлын албаны төлөөлөгч мэдэгджээ.


БНХАУ-ын Гадаад хэргийн яам Хонконг дахь Америкийн Ерөнхий консулын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан тухай “South China Morning Post” сонинд урьд нь мэдээлжээ. Хонконгийн албан тушаалтнууд, улс төрийн намуудын төлөөлөл, их дээд сургуулийн хүрээнийхэн, олон нийттэй уулзалт хийхийн тулд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн эсвэл түүний төлөөлөгчид одооноос эхлэн Хонконг дахь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Комиссарын газраас тусгай зөвшөөрөл авах ёстой байна. 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улс дахь Хятадын дипломат ажилтнуудын үйл ажиллагаанд хэд хэдэн хязгаарлалт хийсэн тухай есдүгээр сарын 3-нд мэдэгдсэн юм.


 


Холбоотой мэдээ