Баянзүрх дүүрэгт "Хүүхдийн хүчирхийлэл"-ийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-28 14:03:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хэрэг гарсан.


Охиныг алга болсон тухай дуудлага 2018 онд ирж байсан байна. Гэвч удалгүй охин хөдөө нүхэнд унасан байсныг оллоо гэх мэдээлэл ирсэн тул холбогдох албаны хүмүүс хэргийн газар очиж шалгаагүй өнгөрчээ.


Иймд иймэрхүү хэрэг дахин гарч болзошгүй тул гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар үзэж, шуурхай зөвлөгөөн хийж, үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.


Энэ үеэр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах “Хуулийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг түргэн шуурхай  шийдвэрлэж, хариуцлага тооцдог болно. Хөршийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн бүр гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих хандлагатай байж, хуулийн дагуу иргэний үүргээ гүйцэтгэж, мэдээлдэг байх шаардлагатай”-г онцолсон юм.


Өнгөрсөн онд тус дүүргийн хэмжээнд 10 000, харин энэ оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 7 600 гаруй дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.   

Иймээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын баг байгуулж, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид эргүүлээр судалгаа хийх ажлын төлөвлөгөөг баталжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 120 мянган хүүхэдтэй бөгөөд үүнээс 0-4 насны 44 мянга, 5-18 насны 76 мянган хүүхэд байдаг аж.

Холбоотой мэдээ