Түүхэн аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил 40-50 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-18 15:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн нутагт барьж буй түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын бүтээн байгуулалтын ажил 40-50 хувийн гүйцэтгэлтэй байна.  

            “Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн”, “Чингис хаан”, “Шихихутаг-Нууц товчоо”, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, “Монголын нууц товчоон” түүхэн аялал жуулчлал, “Далд уурхай сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн зургаан томоохон цогцолборыг Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Норовлин, Батноров, Өндөрхаан, Дэлгэрхаан суманд байгуулж байгаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд 25 га газарт барих 21 метр өндөр “Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн” цогцолборын гол өргөө нь 500 хүний суудалтай, орой дээрээ 9 хөлт цагаан туг залсан байх юм. Энэ цогцолборыг өнгөрсөн хоёр жилд хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Харин Улаанбаатараас 600 км зайтай Дадал сумын нутагт барих “Чингис хаан” цогцолборыг Их Монгол Улсын хаадын тамгыг тэнгэрийн бэлгэдэл болгон агаарт харагдах байдлаар 36 метр өндөр хэмжээтэйгээр босгож байгаа. Нийт 250 хүний багтаамж бүхий цогцолборыг анфи театр, үзвэр үйлчилгээ, музейн зориулалтаар байгуулж байна.

           Цогцолбор нь түүхэн аялал жуулчлалын хувьд яагаад ач холбогдолтой, жуулчдыг татах ямар үйлчилгээ явуулах, аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн байх, бие биенээ хэрхэн нөхөж ажиллах, хэтийн зорилго, үйл ажиллагааг тодорхойлох ажлын баг байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд боловсруулсан саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам хамтран өнөөдөр зохион байгуулж буй хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байна. Уг хэлэлцүүлэгт түүх, угсаатан, археологи, батлан хамгаалахын эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцов.  

            Хэлэлцүүлгийн эхэнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдалд байгаа үед бид гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй. Ковид-19 халдарт вирусийг дотооддоо алдаагүй нь жуулчид манайхыг зориход бага гэлтгүй эерэг нөлөөлнө. Аялал жуулчлалын түүхэн суурь хот хөгжүүлснээр хойч үедээ дурсгал үлдээхээс гадна жуулчдыг татаж, эдийн засгийн өсөлт бий болгох ач холбогдолтой”-г онцлов.

          Засгийн газраас  Монголд аялах гадаадын жуулчдын тоог  нэг саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр төслийг эхлүүлсэн. 2024 онд 110 мянга орчим жуулчин хүлээн авч, энэ бүс нутагт 450 ажлын байр бодитоор бий болгож, 3000 хүний амьжиргаанд нөлөөлөх төсөөлөлтэй байгааг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан дурдсан юм. 

Холбоотой мэдээ