Номын санчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-18 10:59:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас жил бүр номын санчиддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах сургалтыг шат дараатайгаар зохион байгуулдаг. Энэ удаа номын санчдыг цахим орчинд номын сангийн үйлчилгээг хэрхэн явуулах талаар чадавхжуулж байна.

Энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдэг утгаараа бид сургалтдаа илүү их ач холбогдол өгч байна. Цахим орчинд номын сангийн үйлчилгээ ямар түвшинд байх ёстой, үйл ажиллагаагаа хэрхэн уншигчдад хүртээмжэй байдлаар хүргэх вэ гэдэг сайн туршлагыг хуваалцах, түүнээс суралцах үүднээс Улаанбаатар хотоос мэргэжлийн гурван багшийг урилгаар авчирч сургалтаа авч байна. Сумдын номын санчид ч сайн туршлагаа хоорондоо хуваалцаж, цаашид анхаарах зүйл, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэн зөвлөгөө, мэдээллийг солилцож байна. Өнгөрсөн хорио цээрийн бүхий л хугацаанд бид үйл ажиллагаагаа цахим орчны хүрээнд явуулж ирсэн. Гэхдээ үүнийгээ илүү сайжруулах, шинэ арга барилыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий гэж аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий хэллээ.

Сургалтыг Соёлын сургуулийн багш Т.Хайдав, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн дарга н.Дарьсүрэн, арга зүйч Б.Батболор нар удирдан явуулж байна. Сургалтад 13 сумын сургууль, соёлын төвийн номын санчдын 95 хувь нь хамрагджээ.

 

 

Холбоотой мэдээ