ОХУ, Беларусийн Ерөнхийлөгч нар Сочид хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-14 07:59:15

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар даваа гарагт Сочи хотод хэлэлцээ хийнэ. Энэ нь Беларусийн удирдагч ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гадаадад хийсэн анхны айлчлал болох юм.


Орос улс барууны зарим улсаас ялгаатай нь хөрш улсад явуулсан сонгуулийн дүнг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлалд эрчимтэй бэлтгэсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин есдүгээр сарын эхээр Минскт айлчилжээ. Лукашенкогийн хэлснээр, тэрбээр Путинтэй уулзах үеэрээ хоёр улсын хувьд хамгийн эмзэг сэдвүүдийг эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа аж.


Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Сочид хийх хэлэлцээний үеэр Орос-Беларусийн стратегийн түншлэл, холбоотны харилцааг цаашид хөгжүүлэх гол асуудлуудыг хэлэлцэнэ.


"Худалдаа-эдийн засаг, эрчим хүч болон соёл-хүмүүнлэгийн чиглэлээр хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, Холбооны улс доторх интеграцын үйл явцыг урагшлуулах хэтийн төлөв байдалд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байна" гэж Кремлийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, уулзалтын дараа ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй байна. Беларусьт болж буй үйл явдлыг харгалзан үзвэл энэ бол чухал айлчлал бөгөөд хоёр удирдагч уулзах нь онцгой ач холбогдолтой юм гэж Песков тэмдэглэжээ. Интеграцийн замын зураглал, эрчим хүчний үнэ, янз бүрийн өр, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа гэх мэт сэдвээр шинжээчид болон янз бүрийн байгууллагуудын түвшинд ажил үргэлжилж байгааг тэрбээр сануулсан байна.


“Энэ бүхнийг хоёр Ерөнхийлөгчийн уулзалт болгон дээр хэлэлцдэг” гэж Песков хэлээд Путин, Лукашенко нарын уулзалтын үеэр ОХУ-д төлөх Беларусийн улсын өрийг дахин санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг мэдээлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мөн удахгүй болох хэлэлцээний сэдвүүдийн талаар ярихдаа, бүс нутгуудын зөрчилдөөнүүд болон Европ дахь бусад тулгамдсан үйл явцын талаар санал солилцсон гэдгийг дурдав. Үүний зэрэгцээ, тэрбээр Лукашенкогийн айлчлалын дараа Беларусь улсыг ОХУ-д "шингээж" магадгүй гэх яриаг "туйлын утгагүй зүйл" гэж мэдэгдсэн  байна.


Холбоотой мэдээ