П.Оюунчимэг тэргүүтэй ХЭҮК-ын ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-10 17:08:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тэргүүтэй ажлын баг энэ сарын 9-ний өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Түүнийг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, ХЭҮК-ын референт Г.Ууганбаатар, Ч.Ариунаа нар дагалдан явна.

Ажлын баг өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан болон тус аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Харин өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байранд “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт явуулж байна.

Тус сургалт мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендерийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.

Сургалтын үеэр “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол хандлага”, “Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа”, “Байгууллага дахь жендэрийн тэгш байдал” зэрэг сэдвээр төрийн байгууллагын удирдлагуудад мэдээлэл өгч байна.

Холбоотой мэдээ