Ж.Лхагвасүрэн жанжны ихэр нь дайнд оролцож салаа удирдаж явжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-02 14:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн өдөр БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. 

Ёслолд Батлан хамгаалахын сайд асан, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, эрдэмтэн судлаачид, жанжны үр хүүхдүүд, иргэд оролцож, 27-хон насандаа ард түмнээ "Залуу жанжин" хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэн генералыг хүндэтгэв.  

Ёслолын үеэр Ж.Лхагвасүрэн жанжны нагац ач Б.Чинбаттай уулзвал, "Өнөөдөр болж буй үйл явдалд их баяртай байна. Манай өвөө Ж.Лхагвасүрэн нь эх орныхоо төлөө амь бие хайргүй зүтгэж явсан олон эрсийг удирдаж, гавьяа байгуулсан явдалд үр хойч бид нар бахархаж явдаг. Гурван хүүхдийнх нь хоёр нь өнөөдөр ирлээ. Нэг нь АНУ-д амьдардаг тул ирж амжсангүй" гэв.

Тэрээр, энэ түүхэн өдөр бас нэг хүний талаар дурсан ярилгүй өнгөрч болохгүй гээд,  "Өвөө маань ихэр байсан. Ихэр нь мөн Халх голын дайнд оролцож, ялгаагүй маш сайн байлдаж байсан, Л.Дандар баатрын 17-р морьт хорооны 6-р сумангийн гуравдугаар салааны дарга байсан, бага дэслэгч Зундуй гэж хүн бий" гэсэн юм. 


БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэн гурван хүүхэдтэй бөгөөд өдгөө 20 орчим ач, зээ, нэг гучтай өнөр өтгөн болжээ. Том хүү Л.Лхагваа, дунд охин Л.Лхагвадулам, бага охиныг нь Л.Лхагважав гэдэг. Алдарт жанжин аавынхаа нэрээр нэрлэсний учрыг лавлавал дунд охин Л.Лхагвадулам, “Бидний сонсож, дуулснаар бол том авга эгчийн минь нөхөр лам хүн байсан гэдэг. Тэр хүн бидний нэрийг өгсөн байх гэж боддог” гэсэн юм. 

Тэрээр аавынхаа 1975 онд бичиж, хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номыг дахин хэвлүүлж, ахмад дайчдад гардуулна гэдгээ дуулгасан юм. “Аав маань хэд хэдэн ном бичиж үлдээсэн Өнгөрсөн жил Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор “Халхын гол” номыг нь дахин хэвлүүлсэн. Энэ жил Чөлөөлөх дайны тухай өгүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номыг нь дахин хэвлүүлж байна" гэв.


Хурандаа, генерал Ж.Лхагвасүрэн нь 1912 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошууны нутаг одоогийн Булган аймгийн Сайхан суманд мэндэлжээ. Тэрээр 1939-1948 онд Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Улсын зэвсэгт хүчнийг БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан, залуу жанжин Ж.Лхагвасүрэн нар удирдан, XX зуунд Монгол Улсын оролцсон хоёр дайнд цэрэг армиа командааж явсан жанжин билээ.


Ш.Мөнхбаяр

Гэрэл зургийн Т.Чимгээ

Холбоотой мэдээ