Улсын чанартай авто зам ашигласан хураамж авах цэгийг нүүлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-31 10:11:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр, Жаргалант сумын дунд буюу “Гурван замын пост” дээр байрлах улсын чанартай авто зам ашигласны хураамж авах “Төлбөр авах цэг”-ийг ирэх оноос нүүлгэх шийдвэр гарчээ.  

Тодруулбал, Орхон аймгийн урд хэсгээр улсын чанартай А1001 автозам дайрч өнгөрдөг. Түүгээр зорчсоны төлбөр болох 1000 төгрөгийг автомашин бүрээс авдаг. Энэ нь аймгийнхаа хоёр сумын хооронд зорчих иргэдэд хүндрэл учруулдаг тул орон нутгийн удирдлагууд 2017 оноос хойш гурван удаа  Зам тээврийн хөгжлийн яаманд ханджээ. Харин 2019 оны тавдугаар сард дахин хандсаны дагуу уг цэгийг  Жаргалант сумын хилийн цаана нүүлгэх шийдвэр гарсан байна. Ингэснээр сум хоорондоо зорчих иргэд авто замын төлбөр төлөхөөргүй болж байна. 

Жаргалант сум аймгийн төвөөс 30 км-ийн зайтай. “Төлбөр авах цэг”-ийг нүүлгэхэд урьдчилсан байдлаар 165 сая, шинээр барихад 700 орчим сая төгрөг шаардлагатай. Уг хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгавал нүүлгэж болох гэнэ. Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай юм. 

Холбоотой мэдээ