"Жайка" ТҮК-ийн ажилтнуудыг сургахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-13 13:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компани (ТҮК)-ийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэх заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байна. 

Энэ талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөртэй уулзах үеэр  дуулгав. "Жайка" байгууллага "COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр  эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ,  “Жайка" байгууллагатай бид 2005 оноос хог хаягдлын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж хүнд нөхцөлд байгаа боловч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” гэв. 

Уулзалтын үеэр "Жайка" олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бэлтгэсэн иргэдэд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий дүрс бичлэгүүдийг танилцууллаа.

Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөлөл оролцов.


Холбоотой мэдээ