Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын бэлтгэл сургалт дууслаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-08-06 15:43:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын “Цэргийн бэлтгэл сургалт” өндөрлөлөө. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байрлах сургалтын төв болон Зэвсэгт хүчний 330 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газрын сургалтын материаллаг баазыг түшиглэн 7 дугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 04-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулсан аж. 

Энэ удаагийн цэргийн бэлтгэл сургалт нь нийт 108 цагийн хичээл орж, дүйцүүлэх алба хаагчдаас шалгалт авснаар өндөрлөжээ.

Сургалтын төгсөлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Сүхбаатар, аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Х.Энхнасан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Зэвсэглэл, техник хариуцсан орлогч, хошууч Н.Наранцогт нар оролцож хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад баяр хүргэж амжилт хүслээ.

 Цэргийн дүйцүүлэх алба хаагчид нь хуулийн хүрээнд дараах үүрэгтэй аж.

Тухайлбал, орон нутгийнхаа Батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуул
ашгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох. 
Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх.
Улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх.
Орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх Улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэсэн үүрэгтэй
ажээ.

Холбоотой мэдээ