Г.Ганбаяр дээд лигт дэвшин тоглох болжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-03 09:59:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаяр Унгарын мэргэжлийн хөл бөмбөгийн багт тоглож байна. Тэрээр анх 2016 онд дөрвөн залуу тоглогчийн хамтаар Унгар улсын мэргэжлийн хөл бөмбөгийн Пушкаш академид суралцахаар мордож байв.

Дээрх залуус Монголын Хөл Бөмбөгийн Холбоо, Унгар улсын мэргэжлийн хөл бөмбөгийн академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд ийн суралцахаар явсан юм. Ингээд нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилттай суралцсан Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаяр мэргэжлийн гэрээ байгуулан тус академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглохоор үлдэж байв.

Унгарын хөл бөмбөгийн гуравдугаар лигт өнөөдрийг хүртэл тоглож байсан тэрээр өөрийн ур чадварыг сайтар таниулж чадсан байна. Учир нь тэрээр хоёрдугаар лигт Пушкаш академийн нэр дор тоглодог Активал FC Саквар багтай нэгджээ. Өөрөөр хэлбэл Г.Ганбаяр нэг шат ахиж Европын тавцанд өөрийгөө бүрэн дүүрэн таниулахад дахин нэг алхам ойртож буй юм. Тус багийн хувьд дээд лигт тоглодог байсан ч өнгөрсөн жил доошоо унасан аж. Гэсэн ч өмнө нь Европа лигийн эрхийн төлөөх тоглолтод оролцож, тивийн чанартай томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлж байсан туршлагатай баг аж. Унгарын хөл бөмбөгийн лигүүдэд нэг баг дараалсан дивизэд өөрийн багийг өрсөлдүүлж болдоггүй байна. Иймээс Пушкаш академи энэхүү багийг худалдан авч өөрсдийн тамирчдаар бүрэлдэхүүнийг зузаатгажээ.

Одоогийн байдлаар Монголын 10 залуу хөл бөмбөгч тус академид суралцаж төгсчээ. Эдгээрээс А.Дөлгөөн, Д.Тэмүүлэн, П.Ууганбаяр тэргүүтэй тоглогчид Үндэсний шигшээ багт багтахын сацуу өөр өөрийн клубт хэдийн гол тоглогчдын тоонд багтаад байна хэмээн Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ