Н.Ганбямба: Хэнтий аймагт 5.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-02 18:52:40
Хэнтий /МОНЦАМЭ/.Хэнтий аймагт болж өнгөрсөн зүүн бүсийн аймгуудын удирдлагын уулзалт, зөвлөгөөн дээр аймгийн Засаг дарга Н.Ганбямба мэдээлэл хийснийг тоймлон хүргэе.

Хэнтий аймагт 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 11.0 мянган малчин, мал бүхий өрхөд тэмээ 4.2 мянга, адуу 325.3 мянга, үхэр 381.2 мянга, хонь 2.4 сая, ямаа 1.7 сая, нийт 4.8 сая толгой мал тоологдсон байна. Нийт төллөвөл зохих 2.3 сая хээлтэгчийн 82.3 хувь буюу 1.9 сая хээлтэгчээс 1.9 сая төл гарч, 1.8 сая төл бойжиж, төл бойжилт 97.6 хувьтай байна.
Он гарсаар 100.3 мянган толгой том мал зүй бус хорогдсон нь нийт малын 2.1 хувийг эзэлж байгаа юм. Цаашид энэ онд 1.09 сая толгой мал зах зээлд болон хүнсэнд хэрэглэгдэх тооцоо гараад байна. 2020-2021 оны өвөл тус аймагт нийт 5.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 2,8 сая толгой малыг хамруулж, хашаа бууц, худаг уст цэг, бэлчээрийн талбай, түүхий эдийн зоорь, агуулах, халдварт өвчний голомтын болон устгалын цэг зэрэг нийт 753,4 мянган м2 талбайг халдваргүйжүүлснээр өвчлөл, өвчний гаралт өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад 40-90 хүртэл хувиар буурсан дүнтэй байна.
2020 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сумын хадлан тэжээл бэлтгэх ажилд 18 сумын 3699 хүн, 2171 техник хэрэгсэл, 20 хадлангийн салаа гарч 123.2 мянган тн өвс, 540,9 тн гар тэжээл бэлтгэжээ. Энэ онд аймгийн нийт нутгаар хур бороо сайтай ургамлын гарц Дархан, Галшар, Бор-Өндөр, Хэрлэнбаян-Улаан тосгоны баруун хэсгээр дунд, бусад нутгаар хэвийн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-25 см байна. Иймд хадлангийн нөөц гарц сайтай сумд хадлангийн нөөц багатай сумдад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулан хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, Засгийн газрын тогтоолоор батлагдсан аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэх ажлыг төлөвлөж байна.
Нийт нутгаар зуншлага хэвийн боловч 2017, 2018 оны дараалсан гандуу нөхцөл болон бусад хүчин зүйлийн улмаас бэлчээрийн төлөв байдал доройтож хөл газрын ургамал зонхилон ургасан байгаа нь өвөл мал бэлчээрлэх боломж муудаж болзошгүй төлөвтэй байна гэв.
Тус аймгийн хэмжээнд нийт 2398 худаг ашиглагдаж байгаагийн 70 хувь болох 1680 нь бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Энэ онд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-тэй хамтран 18 суманд 28 инжнерийн хийцтэй худаг шинээр барих ажлг эхлүүлж, гүйцэтгэл 30 хувьтай байна. Улсын төсвийн 90.0 сая төгрөгийн хөрөнгөөр есөн сумын 60 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан аж.
Газар тариалангийн салбарт 90,2 мянган га эргэлтийн талбайтай, үүний 60 мянга орчим га талбайг иргэн, аж ахуйн нэгж эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ онд 40 аж ахуйн нэгж, иргэн нийт 21.4 мянган га–д тариалалт хийжээ. Үүнд үр тариа 16.8 мянган га-д, малын тэжээл 1,5 мянган га-д, рапс 2,6 мянган га-д, төмс 278,9 га-д, хүнсний ногоо 211,4 га-д тус тус тарьсан нь тариалалтын төлөвлөгөөг 109,6 хувиар хангажээ. Өнөөдрийн байдлаар үр тариа, төмс хүнсний ногооны болц түрүүлэлт, цэцэглэлтийн шатанд явагдаж байгаа бөгөөд уриншийн боловсруулалтыг 10 мянга га талбайд хийгээд байна.
Өнгөрөгч зургаадугаар сарын 23, 24-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Хурх тосгонд Яргайтын арын гурван аж ахуйн нэгжийн 1000 га, Шар талын гурван аж ахуйн нэгжийн 2200 га нийт 3200 га тариалангийн талбай, Хэрлэн сумын нэг аж ахуйн нэгж, нэг иргэний нийт 12,2 га талбайд тариалсан хүнсний ногоо тус тус мөндөрт цохиулсан байна.
Хэнтий аймагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 300 гаруй иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хэнтийн брэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус дэд хөтөлбөр хэрэгжсэнээр “Хэнтийд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн сурталчлах төв, “Бизнес инкубатор” төвийг байгуулсан төдийгүй “Хэнтийд үйлдвэрлэв” каталогийг бэлтгэн хэвлүүлж, үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, ажлын байраар хангах, шинээр ажлын байр бий болгох, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа, туршлага судлах, үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт сумдын сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс 2016-2020 онд сумдын сум хөгжүүлэх сангаас 330 төсөлд 2.3 тэрбум төгрөгийн зээл олгосноос 2020 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд зээлийн эргэн төлөлт 61 хувьтай байна. Аймгийн ЖДҮДДС-д 2019 онд 13 төсөлд 730 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 110 ажлын байрыг бий болгож ажилласан гэлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд нийт 37 халаалтын зуух үйл ажиллагаа явуулдаг. Үүнд төвдөө төвлөрсөн 16, сумд болон тосгонуудад 21. Ихэнх нүүрсийг нийлүүлдэг Чандганы уурхай одоогоор хөрс хуулалтын ажилдаа ороод байна.
Төвийн бүсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр халаалтын зуухны шугамын өргөтгөл бүрэн хийгдсэн бөгөөд нэг халаалтын зуухны узелийн өрөөний шугамыг шинэчилсэн. Мөн халаалтын зуухнуудын цахилгаан тоноглолын урсгал засварууд бүрэн хийгдэж, сүлжээний насоснуудын цахилгаан хөдөлгүүрүүдэд давтамж хувиргагч суурилуулсан байна.
200 гаруй метр цэвэр, 60 гаруй метр бохир ус дамжуулах шугам сүлжээг шинэчлэн ажиллаж байгаа бөгөөд долоон зуухны халаалтын тогоонуудын шинэчилэл 85 хувьтай явагдаж байна. Мөн дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил удахгүй эхлэхээр байгаа аж.
Хэнтий аймгийн Харгуй ТӨХК-д 40 орчим тоног төхөөрөмж, машин механизмтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ жилийн урсгал засварын ажил бүрэн хийгдсэн гэлээ.
Холбоотой мэдээ