Үер уснаас болгоомжлох масс мессежийг иргэдэд өгөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-23 19:09:14

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж үер уснаас сэргийлэх багц мессежийг иргэдэд өгөхийг үүрэг болголоо.

Хурлын үеэр аймгийн Ус Цаг Уур Орчин Шинжилгээний төвийн дарга Э.Мөнгөнцэцэг цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээлэл өглөө. Мэдээллээр Завхан аймгийн нийт нутгаар энэ долоо хоногт үргэлжилсэн бороотой. Мөн дуу цахилгаантай, ширүүн бороо орох төлөвтэй байгаа. Долоодугаар сарын 21-22-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Улиастай сумд үер бууж Донойн нисэх буудлын чиглэлийн автозам бага зэрэг сэтэрсэн. Тиймээс ойрын өдрүүдэд орох хур тунадаснаас болж голын түвшин огцом нэмэгдэх төлөвтэй тул үер уснаас болгоомжлохыг санууллаа.

Харин аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдал, (COVID-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ. Тэрээр хэлэхдээ:

-"Долоодугаар сарын 22-ний өдрийн борооны улмаас Донойн нисэх буудлын чиглэлийн автозам сэтэрсэн. Тус замыг түр хааж зорчих хөдөлгөөнийг хэвийн болгоод байна. Мөн голын ай сав дагуу, үерийн далан, аман дээр буусан хоёр айлыг нүүлгэн шилжүүлсэн. Улиастай, Алдархаан сумын үерийн ам дагуу буусан айлуудад нүүх сэрэмжлүүлэг мэдээллийг хөдөлгөөнт эргүүл өгч байна. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй, голын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа учир голын ай сав дагуу амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхэд, ахмад настнууд, өвчтэй хүмүүсд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг иргэдэд сануулж, хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллаж байгаа" гэлээ.


Эдгээр мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Батсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг, чиглэлийг  өглөө. Үүнд Тухайлбал “Пирамид проект” ХХК-ийг үерийн улмаас үүссэн замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. Сумдын Засаг дарга нар  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үерийн эрсдэл бүхий бүсэд буусан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Коронавирусний (COVID-19) халдварт цар тахал, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Бэлэн байдлаа ханган ажиллахыг мэргэжлийн

албуудад дахин үүрэг болгов

Мөн (COVID-19)-ын цар тахлын халдвар, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг орон нутгийн бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд хүргэх. Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг багц мессежээр болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэх ажлыг зохион байгуулах.

Цэвэр усны шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллах.

Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах.


Түүнчлэн аялал амралтын өдрүүдээр дотоодын аялагчдын тоо ихэссэнтэй холбоотойгоор аялал жуулчлалын бүс нутгуудад аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх. Тухайн бүс нутгуудын  хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчноо хамгаалах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад нь үүрэг болголоо. Аймагт үйл ажиллагаа явуулж буй байгалийн цогцолборт газар, тусгай хамгаалалттай газар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тухай бүр нь аймгийн Онцгой комисст тайлагнахыг мөн санууллаа.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын долоодугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж, хяналтыг сайжруулан ажиллах. Тус хурлын шийдвэрээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын явцтай танилцан холбогдох арга хэмжээг авч үр дүнг аймгийн Онцгой комисст танилцуулах. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагууд хүн хүч, машин техник хэрэгслийнхээ бэлтгэл бэлэн байдлыг хангах. Болзошгүй эрсдэлийн үед ажиллах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг тус тус үүрэг болгосон тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ