“Twitter”: Хакерууд 130 орчим хаягийг онилсон байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2020-07-17 15:18:07

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нэр нөлөө бүхий олон хүний “Twitter” хаяг лхагва гарагт цахим халдлагад өртсөн юм. “Twitter” компанийн мэдээлснээр, хакерууд 130 орчим хаягийг онилсон байжээ.


Хакерууд “Twitter”-ийн дотоод системд нэвтэрч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшиж буй Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, телевизийн шоуны алдартан Ким Кардашьян, тэрбумтан Илон Маск тэргүүтэй хүмүүсийн хаягт дижитал валют шилжүүлэхийг хүссэн нийтлэл бичсэн юм.


Twitter”-ийн мэдээлснээр, хакерууд онилсон хаягуудынхаа “багахан хэсгийг” хянах боломж олж авч, тэдгээрийн өмнөөс жиргэсэн ажээ. Тус компани халдлага үйлдсэн этгээдүүд хаягуудын хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байсан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.


Цахим халдлагад өртсөн хүмүүсийн дунд реппэр Канье Уэст, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, хөрөнгө оруулагч Уоррен Баффет, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс болон “Uber”, “Apple” зэрэг компанийн хаяг багтсан байсан юм. “Twitter” халдлагад өртсөн хаягуудын эзэмшигчидтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ дахин мэдэгджээ. 

Холбоотой мэдээ