Дэлхийн аварга Н.Эрхэмбаярыг аймгийн удирдлагууд хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:23:04

Ираны Тегеран хотноо зохиогдсон диф буюу сонсголгүй иргэдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглон дэлхийн аварга болсон Н.Эрхэмбаяр хүү өчигдөр Арвайхээр хотод ирж, нутгийн иргэд, аймгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Түүнийг өчигдөр аймгийн Хүндэтгэлийн хаалган дээр аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагчид, тамирчид, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийнхан, ар гэрийнхэн гээд олон хүмүүс угтан авсан юм.

Харин өнөөдөр аймгийн удирдлагууд Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч баяр хүргэн мөнгөн шагнал олголоо. Мөн аймгийн ЗДТГ-аас дараа жил ОХУ-д зохиогдох өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг даахаар амлалаа.

Н.Эрхэмбаярыг Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн багш н.Пүрэвсүрэн нь “Зөв хүмүүжилтэй, үлгэр дууриалалтай, хамт олонч  хүүхэд байгаа юм. Энэ амжилтаа цаашид бататгаад явна гэдэгт итгэлтэй байна” гэж байв. Тэрээр аймгийн Биеийн тамир спортын газрын "Их Монголын хүчтэн" дэвжээнд Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор 4 жил хичээллэж байна.  

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ